Хаврын их сорилго 10 олимпиадаар оны олимпиадууд эхэлсэн билээ. Тэндээс сурагчид , багш нар маань өөр өөрийн дотроо нэгийг тунгаан цаашдын бэлтгэлээ нягт нямбай болгосон гэж найдаж байна. Хаврын их сорилго 10 олимпиад математикийн стандарт болон мэргэжлийн тус бүр 7 ангилал , багийн бодолтын тэмцээн, Мэдээлэлзүйн 2 ангилалаар явагдаж өндөрлөсөн. 10 жилийн ойдоо зориулан гаргасан олимпиадын цувралаа бүх оролцогчиддоо тараахыг зорьсон маань биелэлээ олж хүүхдүүд бодолтоосоо гарж байх мөчтэй давхцан ном маань бидний гарт амжиж ирсэн билээ. Уг олимпиад анх удаа ангилал бүрт орон нутгийн шилдэг оролцогч 1-ийг шалгаруулж шагнасан нь сумдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх оролдлого байлаа. Мөн орон нутгийн оролцогчдод зориулсан сургалтыг сурагчдад зохион байгуулав. Улсын математикийн олимпиадын дархан аварга Б.Ганбилэгийн нэрэмжит багийн олимпиадын аваргаар П.Сүхбат ахлагчтай баг шалгарсан бол Улсын хошой аварга Н.Даваагийн нэрэмжит уран бодолтын шагналыг Х.Санжаахүү хүртэв. Стандарт болон мэргэжлийн ангилалуудад давхар түрүүлсэн 2 сурагч байсан нь 12-р ангид Ц.Энхбаатар, 9-р ангид Ц.Буянжаргал нар бөгөөд энэ 2 сурагч төрсөн ах дүүс байсан нь бас нэг содон тохиол байв. Энэ эрчээрээ Энхбаатар маань элсэлтийн ерөнхий шалгалтыг 100 хувьтай гүйцэтгэсэн ба Математик ,Физик 2 хичээлээр 800 оноо авч хоёуланд нь нэгдүгээрт жагссан нь ойрд харагдаагүй амжилт байлаа.
Гуравдугаар сарын төгсгөлд Улсын олимпиадын 2-н даваа болж өнгөрөхөд 9-р анги Б.Пүлжин , 10-р анги Х.Санжаахүү , 11-р анги Ч.Чинзориг , 12-р анги М.Баярдалай , Бага ангийн багш Ж.Болормаа , Дунд ангийн багш Р.Доржзовд ( энэ би) нар ангилалдаа тэргүүлэн ММО – 52 –т оролцох эрхээ авсан билээ. Мөн улсын эрх олгодоггүй ангилалуудад 7-р анги П.Амгаланбаатар , 8-р анги Г.Баярсайхан нар аймгийн аварга сурагчидын эгнээнд нэмэгдэв. Өмнөх оны 10-р сард Архангайн бүсийн олимпиадаас Б.Пүлжин Х.Санжаахүү Ц.Энхбаатар нар улсын олимпиадын эрхээ нэгэнт авсан байсан тул Г.Баярсайхан Б.Өсөхбаяр нарт улсын олимпиадын эрхийг шилжүүлэв. Ц.Энхбаатар оролцохоос татгалзсан бөгөөд өмнөх оны улсын олимпиадын шагналын нэмэлт нэг эрхийг багийн ахлагч багш нар хэлэлцэн дунд ангийн багш П.Сүхбатд олгохоор болов. Ийнхүү ММО-52-д Хөвсгөлийн аймгийн баг 9-н хүний бүрэлдэхүүнтэй оролцох болов. Аймгийн математикийн олимпиадад төвийн Дэлгэрмөрөн , Эрдмийндалай , Авьяас сургуулиуд амжилттай оролцсоноос гадна Арбулаг сум 1 алт 1 хүрэл Эрдэнэбулган сум 1 мөнгө , Тариалан сум 1 хүрэл , , Чандмань-Өндөр сум 1 хүрэл медаль хүртэж сумдын сургуулиудаа манлайлав. Мөн энэ үеэр сүүлийн хэдэн жил тасраад байсан Тоочин хүүхдүүд олимпиад дахин сэргэж уламжлал ёсоороо явагдав.
ММО-52 Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2016.05.04-08 ний өдрүүдэд Монголын математийн олимпиадын нэрт зүтгэлтэн Доктор Проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон явагдсан билээ. Адьяа багшийн Мэргэжлийн курс , Геометрийн сурах бичгүүд нь бидний олимпиаддаа бэлтгэдэг гол сурах бичгүүд бөгөөд тэдгээр номнуудыг үзэж судлалгүй олимпиадад орж байсан хүнийг энэ Монголоос хайгаад олох амаргүй биз. Тийм ч утгаараа бид өөрийнхөө багшаа хэмээн хүндэтгэн үздэгийн учир түүний нэрэмжит олимпиадад ихээхэн ач холбогдол өгч бодолтоороо бэлэг барихийг битүүхэн зорьсон билээ. 5 сарын 4-ний өдөр бид Архангай аймгийг зорьсон бөгөөд нутгаас гарах замд тасралтгүй цас орж тэнгэр хангай аян замыг маань цагаанаар ерөөж байв. Очсон аймгуудыг олимпиадыг зохион байгуулагчид угтан авч Спортын шинэхэн цогцолбор сургуулийнхаа дотуур байранд нэгдсэн байдлаар байранд байрлуулав. 5 сарын 5-нд нээлт 6,7-нд бодолгын бодолт 8-нд хаалт, шагнал гардуулах ажиллагаа гэсэн хөтөлбөртэй байсан бөгөөд мөн багш сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн , багш нарт зориулсан семинар , Адьяа багшийн шинэ номуудын нээлтийн ёслол , Тайхар чулууруу багш сурагччидийн нэгдсэн аялал зэрэг арга хэмжээнүүдэд хамрагдацгаав. Архангай аймаг нь урьд 1995 онд Монголын математикийн олимпиадыг зохион байгуулж байсан бөгөөд тухайн олимпиадад Хөвсгөл аймгийн баг багаараа түрүүлж мөн дунд ангийн багш ангилалд Б.Ганбилэг түрүүлж Хөвсгөлийн анхны улсын олимпиадын аварга төрж байсан юм. 2001 оноос эхлэн зохиогдох болсон А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадад Хөвсгөл аймгийн баг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд ямагт тэргүүн байруудыг эзэлж амжилттай сайхан оролцдог тул Архангай нутаг бидэнд ээлтэй байдаг гэсэн билэгшээл, сэтгэлзүйн давуу талтай байв. Бусад аймгуудын танил багш нартаа Архангайд өмнө нь болсон бүх улсын олимпиадад Хөвсгөлийн баг түрүүлж байсан хэмээн наргиа хийж явлаа. Нээлтийн ажиллагаанд багуудыг танилцуулах үеэр ч энэ бодлоо тайзнаас хэлээд авсан.
Эхний өдрийн бодолтын дараа бүгд бодсон бодлогуудаа ярилцан барамжаа авсан бөгөөд хэд хэдэн хүн боломжийн хүлээлт үүсгэв. Эхний өдрийн дүнг 2 дахь өдрийн бодолтын дараа танилцуулсан нь оролцогчдийг эхний өдрийн онооноос хамааран сэтгэлзүйн нөлөөлөлд автахгүй байхаар тийн шийдсэн хэмээв. Эхний өдрийн дүнгээр Чинзориг 5 , Санжаахүү 1 , Пүлжин 6-р байр буюу медалийн байруудад явсан бөгөөд дахин өнөөдрийн бодолтын оноо нэгдэж эцсийн дүн гарах тул ингээд л энэ дүнгээрээ олимпиад дуусчихдаг болоосой ухааны юм бодож байв. Орой 19 цагийн орчим олимпиадын хороонд байдаг танилаас дуулага ирж 10-р ангийн сурагч санжаахүүи түрүүллээ гэсэн бааярт мэдээг дуулгав. Манай өрөө хавиар олимпийн аваргатай болчихсон л хэмжээний хөл хөөрцөг , хөөр баяр болцгоолоо. Урьдчилсан таамгаар бараг л болчихсон байх гэж бодож байсан ч яг баталгаатай сонсох чинь шал өөр юм билээ. Манай аймгийн зарим багш нар баярын нулимс ч унагааж байлаа. Санжаахүүгийн алтан медаль Хөвсгөл аймгийн улсын олимпиадын 4 дэхь алтан медаль бөгөөд сурагчидын хувьд анхных юм. Урьд дундын багш ангилалд улсын 5 удаагийн аварга Б.Ганбилэг анхны түрүүгээ Хөвсгөлд байхдаа авсан бол удаах нь бага ангийн багш Н.Даваа хоёронтоо улсын наадамд түрүүлсэн юм. Бусад аннгилалын дүн эхнээсээ гарч эхлэсэн бөгөөд Пүлжин маань 6-с 12-р байрлуу ухарсан ч хотынхон дунд ганцаараа торойж байлаа. 11-р ангийн дүн гарахад Чинзориг хүрэл медалийн байраа хадгалаж чадсанаар олон жилийн бэлтгэлийнхээ үр шимийг хүртэж улсын цолтоны гэр бүлд багтлаа. Дунд ангийн багш нарын дүн гарахад Р.Доржзовд 11 оноотой 4-р байрт байсан бөгөөд өмнөх хүн нь 11,5 оноотой байв. Олимпиадын бодлого хамгаалалтад ороход түүний авсан 1 оноог бичээгүй байсан бөгөөд 1 оноогоо нэмж авсанаар 12 оноотойгоор хүрэл медалийн болзол хангав. Тэрээр урьд нь улсын олимпиадад оролцож байхдаа нийт 4 удаа бодлого хамгаалах оролдлого хийж байсан ч нэг ч оноо авч чадаагүй байсан билээ.
Маргааш нь шагнал гардууулах ёслолоос өмнө Тайхар чулууруу аяласан бөгөөд сурагчдын дунд барилдаан болоход манай Баярдалайг хазайлгах хүүхэд тэр хавьд олдсонгүй. Бас нэг ялалт
Шагнал гардуулах ажиллагаа бидний төсөөлсөнөөс ч илүү болов. Олимпиадын хорооны даргийн илтгэлд Санжаахүү , доржзовд нарын нэрийг онцлон дурдсан бөгөөд Санжаахүүгийн хүртсэн алтан медаль нь зөвхөн Хөвсгөлийн төдийгүй орон нутгийн сурагчдын хувьд 32 жилийн дараа авч байгаа алтан медаль ажээ. 1984 оны улсын олимпиадад Архангай аймгийн сурагч Батдэлгэр түрүүлсэнээс хойш 32 жилийн турш дандаа хотын сурагчид түрүүлж байсан ажээ. Үүнээс хойш шагнал гардуулах ажиллагаа Санжаахүүгийн төрсөн өдөр шиг болж хувирав. Зүгээр ч нэг түрүүлээд зогсохгүй ММО 52-т хамгийн өндөр буюу 37 оноог авсанаар тухайн олимпиадын үнэмлэхүй аврагын шагналыг олимпиадын хорооноос гардан авав. Ч.Даваадорж багшийн нэрэмжит онцгой амжилтын эзэн шагналыг мөн гардан авлаа. Дараа нь Нямренчин сангийн болзолыг биелүүлсэнээр Санжаахүү Чинзориг нар багш нарынхаа хамт сангийн шагналыг гардан авав. Мөн бэлтгэсэн багш П.Сүхбат улсын аварга уяач багшийн шагналыг гардан авлаа. Тэрээр мөн энэ улсын олимпиадад эхний 10-т орсоноор цаашдын математикийн замналдаа том урам зориг авсан билээ. Болормаа багш 10-р байрт орж багтаа тус хүргэсэн бол Өсөхбаяр багийн дундажаас дээш оноо авч ачаа үүрэлцлээ. Баярсайхан ангилал дэвшин оролцсон бөгөөд сумдыг төлөөлж үндсэн багын гишүүнээр оролцож байгаа миний мэдэх анхны сурагч юм. Тэрээр улсын олимпиадаас томоохон мэдлэг туршлага хуримтлуулсан юм. Нийт багийн дүнгээр Улаанбаатар хотын дараа буюу 2-р байрт орж дурсгалын цом болон ирэх жилийн улсын олимпиадад 2 хүний нэмэлт эрхтэй оролцох боломжтой боллоо. Улсын нэртэй сүртэй олон мундаг багш нар олимпиадын оролцогчид баяр хүргэж урмын үгээр шагнаж байлаа. Ийнхүү ММО 52-г Хөвсгөлийн баг 1 алт 2 хүрэл медальтайгаар ганзага дүүрэн өндөрлүүллээ. 5 сарын 8-ний орой нутгийн зүг хүлгийн жолоо залсан бөгөөд замын бартаа гулгааг хамтын хүчээр даван туулсаар нутагтаа ирэхэд сургууль хамт олон сурагчдын эцэг эхчүүд алд цэнхэр хадаг мөнгөн аяга сүүтэйгээсТосонцэнгэл сумын ард угтаж авав. 60 км-н зайнаас тосуулж угтуулаад муухан сайд дарга нараас л сүртэй байлаа. Ийнхүү нэгэн том зорилго биелэлээ олж дараагийн том зорилго эхлэлээ.
Гэртээ ирээд 5 хоносоны дараа Санжаахүү Чинзориг Өсөхбаяр нар олон улсын олимпиадын бэлтгэлийг зорьсон юм. Олон улсын математикийн олимпиад нь сурагч гэсэн ганцхан ангтлалтай бөгөөд нэг улсыг төлөөлөн 6 сурагч оролцдог юм. Монгол улсыг төлөөлөн ихэвчлэн 11,12-р ангийн суралцагчид оролцох магадлалтай байдаг бөгөөд 4 удаагийн сорилын оноо болон улсын олимпиадын оноог харгалзан эхний 6 сурагчийг шалгаруулахад олон улсын олимпиадын бэлтгэлд хамрагдсан 40 гаруй сурагчаас Х.Санжаахүү 4 байраар шалгаран оллон улсын олимпиадад оролцох эрхийг авсан юм. Энэ нь мөн 1980 онд (Д.Орлох) оролцсоноос хойшхи Хөвсгөл аймгийн хоёр дахь олон улсын олимпиадын оролцогч болсон юм. IMO2016 энэ жил 7 дугаар сарын 09-16 ны хооронд ХонгКонг улсад зохиогдсон бөгөөд Санжаахүү маань 14 оноо авч тусгай байрт шалгарсан билээ. Хүрэл медалийн босго 16 оноо байв. Монгол улсын баг 2 мөнгө 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 120 гаруй орноос 41-р байрт шалгарсан байна.
Санжаахүү маань энэ жилээс Улаанбаатар Эмпати сургуульд суралцахаар болсон бөгөөд түүний цаашдийн математтикийн замналд нь сайхан бүхнийг ерөөе. Цаашид ч дахин олон улсын олимпиадад оролцож амжилтаа ахиулж авах ёстойгоо авна гэж найдаж байна. Хөвсгөлийн математикийн түүхийн шинэ хуудас тод үсэг байсанд баярлалаа.
Шинэ хичээлийн жилийн анхны олимпиад Орхон аймгаас эхлэв. Монголын математикийн олимпиадын хорооноос зохиодог бүсийн олимпиадад 9-12 ангид түрүүлсэн сурагчид улсын олимпиадын эрхээ шууд халааслах байсан тул ихээхэн ач холбогдол өгсөн билээ.Өнгөрсөн жил 4 эрхийн 3-ийг нь бид авч 1-ийг нь Баянхонгор авч байсан бөгөөд энэ жил бүгдийг нь хамаад ирэе хэмээн очоод 10-р ангид Ц.Буянжаргал эрхээ авч бусад ангилалуудыг Архангай аймагт алдлаа. Архангай аймгийн өнгөрсөн жилийн улсын олимпиадад зориулсан бэлтгэлийн үр дүн арай хожуу гарч байна уу гэлтэй. Архангай аймаг нь 2012 оноос Математик 2016 хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай хэргэжүүлж аймгийн бүх математикийн багш нарыг үе шаттайгаар сургасанаар математик боловсролын түвшин нь богино хугацаанд эрс дээшилсэн нь тэднээс суралцууштай том үлгэрлэл юм.
Уг олимпиадаас манай аймаг нийт 13 медаль авсанаас Дэлгэрмөрөн ,Эрдмийндалай сургуулиуд тус бүр 6 медаль авсан бол онцлох медаль нь Арбулаг сумын 12 ангийн сурагч Мөнхгэрэлийн хүрэл медаль байлаа. Сумын сурагч бүсийн олимпиадаас медаль авч байгаа анхны тохиолдол.
Долоо хоногийн дараа ээлээ өгсөн Архангайдаа А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн 16 дугаар олимпиадад оролцохоор очлоо. Манай аймгаас Дэлгэрмөрөн , Эрдмийндалай , Ирээдүй+Арбулаг багууд оролцож 3 ангилалд тэргүүлэв. 7 -р ангид Г. Отгонтуяа түрүүлж Мөнхбаатар багш бүсийн хэмжээний анхны түрүүгээ авлаа. 8-р ангид өнгөрсөн жил 7-р ангидаа түрүүлж байсан М.Хангал аваргаа баталж хошой аварга болсон бол, мөн 8-р ангийн Б.Батсамбуу 9-р ангид дэвшин оролцож хүрэл медаль хүртсэнээр 9-р ангийн ах эрч нараа бэлтгэлээ чангалах ёстойг сануулав. 11-р ангид Б.Өсөхбөяр сүүлийн өдөр бүтэн бодсон ч мөнгөн медаль хүртсэн бол 12-р ангид Ч.Чинзориг сүүлийн олимпиаддаа анхны түрүүгээ авч сайн бариа хийлээ. Багийн олимпиадын төрөлд 2,3-р байруудыг эзэллээ. Ийнхүү Архангай нутаг ахин дахин ивээсээр л байна. 12-р сард П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанд нилээд өргөн бүрэлдэхүүнтэй очсон ч бидний хувьд бодлого чанга босго өндөр байлаа. Түүний дараа Дэлгэрмөрөн сургуулиас зохиодог Икосаэдр олимпиад болсон бөгөөд стандарт мэргэжилийн болон Мөрөнгийн , сумдын гэж ялгаж дүгнэсэн нь сумдын оролцоог нэмэгдүүлсэн бөгөөд төвийн сурагчидтай өөрийгөө харьцуулах боломж олгосон гэж найдаж байна. Стандарт ангилалд Их Уул , Галт сумд бусдыгаа манлаайлсан бол Мэргэжилийн ангилалд Баянзүрх Арбулаг сумд өндөр амжилт гаргасаныг дурдая. Гэхдээ илүү хөгжихийг зорьвол зөвхөн сумд хоорондоо өрсөлдөх нь хэр оновчтой эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Оны отгон олимпиад Арбулаг суманд болсон бөгөөд математикийн багш Сандуйжав агсаны шавь нар ойрын хэдэн жил тасраад байсан багшийнхаа нэрэмжит Мэргэд гарах сурвалж олимпиадыг 2015 оноос эхлэн сэргээн хийж байгаа билээ. Тус олимпиад нь хойд бүсийн сумдын тойрогт болдог бөгөөд өнгөрсөн жилээс сумдад нээлттэй ба мөн бүсийн тулгуур сургууль Ирээдүй сургууль оролцдог юм. Уг олимпиадын хувьд сурагч багш нарын бодолтоос гадна багийн олимпиад гэсэн төрлүүдээр өрсөлддөг бөгөөд шагналын хувьд түрүүлсэн сурагч 50000 төгрөгийн шагналтай байдаг нь оюун ухааны үнэлэмжийг өндөрт өргөсөн сайхан зөв үйл билээ. Ийм сайхан үйл хийж багшийнхаа дурсгалд мөнхжүүлэн номын суварга бүтээж байгаа залууст ажлын амжилт хүсч санаж сэдэсэн бүхэн нь номын ёсоор бүтэхийг ерөөе. Мөн энэ онд аймгийн аварга , бүсийн медальтан гээд өндөр амжилтуудыг үзүүлсэнээс гадна сайхан олимпиад зохион байгуулсан Даваадорж захиралтай Арбулаг сумын сургууль , математикийн багш Сайнболд нарт тусгайлан баяр хүргэе.
Ирж буй 2017 он мөн Хаврын их сорилгоороо эхлэх болно. Энэ онд Хөвсгөлийн математикийнханд ээлтэй байж учирсан бодолго бүхэнээ урнаар бодох болтугай.
Хөвсгөлийн залуу Математикч Р.Доржзовд